МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Багын дурсамж буюу хорвоотой танилцсан бяцхан түүх-3

"Кино урлаг бол бүх урлагийн хаан юм" гэж В.И.Ленин гуай олоон жилийн өмнө хэлсэн билээ. Нээрээ ч кино үнэн тасархай л даа. Киноноос гараад үйл явдлыг нь бие биенээсээ өрсөн ам булаалдаад л ярьж өгнө. Гудамжнынхандаа давс хачир нэмж байгаад л өнгөтэй ярьна. Нэг ангитай кино хэдэн ангитай болдог байсан юм бүү мэд ээ. Лав л 5-6 анги болдог байсан байх. Ялалтад "Аймшигт могойтын хөндий" гэж тухайн үедээ жинхэнэ фантастик кино гараад. Тэрийг төрсөн өдрөөр аав, ээж надад үзүүлж би гэдэг хүн хэд хоног ярих юмтай явж билээ. Мэдээж хүүхдүүдэд ярихдаа нөхцөлгүй давс хужир нэмж ярьна. Даан ч улайхгүй дээ.     

Гудамжны хэдэн хөвгүүд тэвэг өшиглөнө гэж байгаа. Хаанаас олсон юм бүү мэд нэхийний өөдсөөр тэвэгээ хийнэ. Нэхийнийхээ ард орон сууцны айлуудын тоолуурын лацанд байдаг тугалгыг хусч лемнодны (ундааны) бөглөөнд хийж хайлуулан хэвэнд оруулаад хадна. Тэгээд л шинэ тэвэг. Нэг хэсэгтээ л өшиглөх юмтай боллоо. Тэвэг өшиглөж өсөөгүй хөвгүүн байхгүй гэдэгт би л лав итгэдэг. Тэвэгний хажуугаар санкатка гэж цементэн дээр гулгадаг тэргэнцэр. Дөрвөн жижиг шаариган дээр хөндлөн хадаж тогтоосон мод. Голдуу хайрцагны модоор хийгдэх энэ тэргэнцэрт гараа дайруулвал ёстой будаа шүү дээ. Гэхдээ гайгүй дээ. Тоглоомны нэр төрөл нэн хязгаарлагдмал л даа. Оросын "Консруктор", зайгаар ажилладаг "АКА". Хошуундаа гэрэл асдаг. Улаан гэрэл шүү. Шөнө бол аймаар сүртэй. За яахав дээ. ийм тоглоомгүй бол элсэн дээр тоосгон танкаар л тоглоно. Нойтон элс гоё шүү. Заримдаа жинхэнэ хот тосгон байгуулна аа. Бас хоёр боолтны завсар чүдэнзний толгой хийж байгаад шидэж тэсэлнэ. Аюултай тоглоом чинь харин энэ дээ.     

Их дэлгүүрийн хоёр билүү гурван давхарт улаан бүч зардаг байв. Улаан бүч 2 төгрөг 20 мөнгө хавьцаа үнэтэй. Оросынх нь арай үнэтэй. 4 төгрөг хэдэн мөнгө. Хажууд нь пеонерийн тэмдэг зарна. Тэр нь төгрөг хэдэн мөнгө л байсан байх. Тэр цагт пионерт элсэх нэр хүндийн асуудал шүү дээ. Пионер хүн эх орныхоо социалист бүтээн байгуулалтын төлөө гар бие оролцох залгамж халаа. Пионерийн тангараг цээжлэх гээд сүйд болдог байж билээ. Пионер, залуучуудын байгууллагаын талаар хойно жич өгүүлнэ ээ. Их дэлгүүр, хүнсний-50, за ер нь л хаа сайгүй квас зардаг шар ёмкостнуудтай. Нэг аяга квас 50, жижиг нь 25 мөнгө. Мөнгөгүй бол квасны хажууд зогсоод том хүнээс мөнгө гуйна аа. Харин ах эгч нар задгай мөнгийг бол өгдөг байсан юм шүү. Мөнгөдөж олсон мөнгө маань аль хэдийн кисель ч юм уу "тансаг хэрэглээ" болоод дуусчихсан болохоор "бадар" барьж байгаа нь тэр. Кисель гэснээс мөн ч гоё амттай даа. Төгрөг 25 мөнгө байсан байх. Бид нарт аав ээжүүд маань "Травдина" гээд их гоё амттай витамин өгдөг байж. Уг архидтай хүүхдэд нэн хэрэгтэй эд л дээ. Харин бид амтанд нь болж их уудаг. Нохойны зурагтай цуврал чүдэнз гадаадаас ирнэ ээ. Польшоос эсвэл Чехсловакаас ирдэг байсан байх. Одоо тийм чүдэнзний цуглуулга ч овоо үнэ хүрэх байх даа. Бидний үеийнхэн ихэнх нь дотоодын үйлдвэрийн туулайтай цүнх үүрнэ ээ. Найман төгрөгийн үнэтэй. Би л лав тэр цүнхийг урагдаад миарч байхыг хараагүй гэхэд болно. Тэр үед хүүхдүүд 25-н хятад саарал үзгээр их бичнэ ээ. Жаахан тиймхэн нь их амархан хугардаг. Үзгээ хугалж хаявал оросын дөрвөн төгрөгний үзгэн дээр бууна даа. Гэхдээ гоё гардаг үзэг шүү. Охидууд голдуу л цагаан копроноор гоёно. Юмны ховор байсан үе болохоор өөр толгойн боодол элбэг биш байсан байх. Харин цагаан паарчиг дэлгүүрүүдэд элбэг байдаг байсан байх аа. Дэвтэр 12 мөнгө. Хямдхан байгаа биз. Нэлээн сүүлд палиа татсан дэвтэр ирдэг болж билээ. Уг нь бид өөрсдөө улаан балаар палиа татдаг байж. Тэр нь хэмжээтэй. Хажуу талаасаа таван нүд үлдээж татна. Дэвтрийн ашигтай талбай нам багасна. Биднийг "тавын" дэвтэр дээр бичүүлэхгүй. Нүүрэн дээрээ билүү дээ дугуй унаж байгаа хүүхдийн зурагтай анхааруулга бүхий дэвтэр бас байна аа. Хуудас нь амархан салаад алга болж өгнө. Ийм дэвтэрийг заавал үдэхгүй бол болохгүй. Нэг төгрөгний дэвтэр л дээ. 

Хүнсний-20, хүнсний-50, хүнсний нэг, ХИД гээд дэлгүүрүүдээр "маружин" зарагдана аа. Бөөн юм болно. Охид олноор нь маружин аваад гарч ирвэл отож байгаад булаана. Арслан зээр хөөдөг шиг өртөөчилж хөөнө дөө. Тэр охин мангар хурдан гүйдэг байвал гүйцэхгүй. Тиймээс нэг нь хөөгөөд ядарвал дараагийнх нь хөөнө өө гэсэн үг. Гэхдээ хэн дуртайгаа хөөхгүй л дээ. Ангийнхаа хэдийг л намнаж байгаа царай нь. Гурилан аягатай, хоёр талдаа печеньтэй гээд л төрөл зүйл нь дуусчихна. Тэр үед орос дэлгүүрт зардаг байсан "Заря" гэж өвлийн гутал байлаа. Гулгана гэж жигтэйхэн. Болж л өгвөл тэнгэр харчих гээд хэцүү. Харин "45"-ын гутал халтирахгүй. Даан ч эмээ нар л өмсдөг юм. 

За нэг иймэрхүү байж байтал юмны үнэ хоёр дахин нэмэгдээд хүндхэн үе эхэлсэн дээ. Өргөн хэрэглээний хүнсний бараа картанд ороод л. Архинд алалцаад л. Энэ үеэс л ШАГ-ийн архины эрин эхэлж байгаа юм. ШАГ гэдэг чинь "шил архи гаргаач" гэсэн үгийн товчлол.

Үргэлжилнэ эээ...          

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
Ulemj (зочин)

Дурсамж бүхэн давхцах юмаа. Энэ коммунист нийгэмийн үр дүн байхаа тээ. Бас нэг киног санаж байна ХОН ГИЛ ДОН хэхэ. Үзсэнийхээ дараа бөөн юм болдог байж билээ. Үсэрч дэвхцээд л. Хуванцар гуурсаар лимбэ хийгээд л. Гоёо бичлэгүүд болсон шүү.

maral (зочин)

45-n gutal genee, ineedtein tee, boldog bol ter uyd ochood butsaad irehiimsan

single_leaf (зочин)

хэхэхэ яг харагдаж байншүү. Тэр аймшигт могойтын хөндий гэдэг кинуг Дарханы үйлчилгээний төвд 1 төгрөгний билет аваал нэлээн хэд үзэж билээ... Тэр төгрөг 20-н зайрмаг ч.... ёоооо саак амттай шүү. Нимбэгний интоорын лимнадууд гээл....эмэгтэйм байж би бөглөө тоглож, мөнгөддөг байсышд.

1st (зочин)

ШАГ гэдэг чинь ийм үг байсиймуу ёстой мэддэггүй байлаа сайхан дурсамж сайхан байнааа хэ хэ баярлалаа

SW (зочин)

neeree bugdiig yasan sain sanadiim be, unetei nertei ni, zarimii ni martchihsan bnshuu, 8-r angid bailuu yalaa neg solongosiin "eejdee ergej ochihson geed" aimaar uruvdmuur kino garch baij bilee, orood uhtlee uiltsan chini nud havdchihaad, udur uzsen bolhoor garch ireed hun amitnaas icheed xexe, gehdee bugd l uiltsan bsan l daa

asura (зочин)

20-р тогтоол надад болоод манай найзуудад аймаар хүнд туссан учраас мартаж чаддаггүй юм. Манай найз охинд аав нь 40 төгрөгөөр /тухайн үедээ аймаар үнэтэй моодны байсан байсан боловч одоогийнхоор бол хүүхдийн тоглоом шиг юм байсын/ бугуйнд зүүдэг электрон цаг авч өгч л дээ.Даанч өнөөх маань хэдхэн хоноод нөгөөхөө хаячихаж. Ээж аавдаа хаясан гэж хэлэхээсээ айгаад найздаа зүүлгэсэн гэчихжээ. Бид нар 4-лээ. Ёстой л хулгай хийхээс бусдыг хийж байж арай гэж 40 төгрөг олсон доо. Тэгээд өглөө нь Дэнжийн мянгын зах дээр очсон чинь шөнө нь 20-р тогтоол гараад нөгөө гайтай цаг нь 80 төгрөг болчихсон байсан. Манай найз тэгэхэд учиргүй уйлж билээ.Бид 3 ч дагаад уйлсан.Аав ээждээ хаясан гэж арай хийж хэлсэн чинь аав нь "Хм болж" гэсэн гэсэн. Яагаа ч үгүй гээд учиргүй баярлаж ирж билээ./ Угаасаа яав л гэж дээ/ Арай гэж мөнгө цуглуулаад хүссэндээ хүрнэ гэж баярласаны дараа тийм юм болох ч зэвүүн байсан шүү.Гэхдээ бид нар одоо ч гэсэн уулзахаараа энэ тухай ярих дуртай...

Уншигч (зочин)

Сайхан дурсамжууд байна даа

nono (зочин)

eejdee ergej ochih son chini china kino za. Kvas chini odoogiin tuts shig yumand goltsuu zarj bsan shdee. Gurvaljin suun deer alaltsaal te. tsagaan paarchik chini golduu eej egch naraaraa oyulj umsdug blaa zahnii toron daavuu (manjaatak) oldohgui ee oros poorm ene ter bol bayanduu ailiin huuhdiin goeo bvaa gej. Pedro bohi mohi geel dursuul dursana doo

Зочин

ээждээ эргээд очихсон гээд киног хайгаад хайгаад олсонгүй ээ, дахиж үзэх юмсан

jak (зочин)

manai mongolin eejee kino hyataDIN EEJDEE ERGEJ OCHIHSON KINOG YUA HUULBARLAJEE........

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)