Товч намтар:

1893.2.2-нд ядуу ард Дамдины гэр бүлд төрсөн. 12 настайдаа бичиг үсэг суржээ.
1912 онд цэргийн албанд ирж, пулемёт сумангийн даргаар ажилласан.
1917 онд эх орныхоо төлөө дайнд оролцож баатар цолоор шагнагдав.
1921 оны Ардын хувьсгалын удирдагчдын нэг, оросын хувьсгалчидтай холбоо тогтооход онцгой үүрэг гүйцэтгэсэн.
1921.3.1 нд МАН-ын анхдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцжээ.
1921.7 сард Цэргийн яамны сайд, Бүх Цэргийн жанжинаар томилогдсон.
1921.11 сард ЗОУ-д очиж хоёр улсын хоорондох найрамдлын гэрээнд гарын үсэг зурж, В.И.Ленинтэй уулзав.
1923.2.20 нд 30 настайдаа гэнэтийн өвчнөөр таалал төгссөн.

* * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * *

Энэ жил их жанжин Дамдины Сүхбаатар агсаны мэндэлсний 117 жилийн ой тохиож байна. Д.Сүхбаатарын сүүдэр гийсэний энэ өдөр түүний хувийн амьдралаас нь сонирхуулахыг зорилоо.

Түүний хуланц эцэг “Бор”хэмээх хочтой Төгс нь XVIII зууны эцэс, XIX зууны эхээр амьдарч байжээ. Энэ хүний тухай тодорхой мэдээлэл гэх юм байдаггүй аж. Түүний хүү Элбэгийн амьдралын сүүлчийн мөч хуучнаар Сэцэн хан аймгийн Ёст бэйс Гадин засгийн хошуу /Ёст бээсийн хошууг 1884-1909 онд Гадин, 1909-1923 онд Доржжав засаглаж байжээ/, одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт дахь “19-ийн хонхор” гэдэг газартай их холбоотой аж. Учир нь тэр хонхорт нүхэн шорон байжээ. Уг нь бол газарт гүн ухчихсан зүгээр л нэг нүх. Гэвч дөнгөтэй хүмүүсийг тэр нүх рүү хийчихээд шатыг нь хураагаад авчихдаг байж. Тэгэхээр тэндээс хэн гарч чадах вэ дээ. Гэтэл нэг шөнө нөгөө нүхний нэг хананых нь шороо нураад 19 ялтанг дараад алчихжээ. Тэдний нэг нь тэрхүү Элбэг байж.

Түүнээс хойш тэр газрыг “19-ийн хонхор” гэдэг болжээ. Хятадын өр төлөхөөс татгалзсан, ноёныхоо гэрийн үүдээр мориноосоо буулгүй гарсан, Мандалын хүрээний хятад пүүсийг талж дээрэмдсэн гэсэн шалтгаанаар Элбэг тэр нүхэнд хоригдож байж. Гэхдээ Элбэг тэр нүхнээс амьд гарахгүй гэдгээ мэдэж байсан байна. Тиймээс нэг удаа өөрийг нь эргэж ирсэн том хүү Төгөөдөө “Миний хүү эр хүн. Яваандаа үр хүүхэдтэй ч болно. Аав нь элдвийн эрүү шүүлт амсаж их зовж байна. Тамын орон гэж байдаг бол энэ л байна. Аав нь амьддаа тамд орлоо, үхэхдээ диваажинд очих байх аа. Танай эхнэрээс охин гарвал Тамзав, хүү төрвөл Дамдинчойжоо бурхны нэрийн Дамдинг өгөөрэй” гэж захисан гэсэн явган яриа байдаг ажээ. Тэрхүү эмгэнэлт явдлын дараа Элбэгийн том хүү Төгөө нь аавынхаа амийг нэхэж заалдан тэмцсэн байна. Бадаргуулт төрийн дөрөвдүгээр оны (1879) аравдугаар сарын 6-нд Сэцэн хан аймгийн жанжны газар буюу чуулган даргын газарт өргөдөл гарган тэмцэлдэж эхэлжээ.

Төд удалгүй Төгөө гэрлэж, эхнэрээс нь хүү гарч тэрбээр хүүдээ Дамдин гэсэн нэр өгсөн байна. Энэхүү Дамдин бол ирээдүйн их жанжны эцэг болох тавилантай нэгэн байжээ. Ядуу зүдүү болохоор Т.Дамдин айл айлд зарцлагдаж амиа зогоодог байж.

Тэгж яваад Ээлт гэдэг баян айлын зарц болжээ. Ээлт Дэмбэрэл, Мятав, Дэмчиг гэсэн гурван сайхан хүүтэй, дүү Гомбодор нь дөрвөн охинтой байж. Гомбодорын хамгийн бага охин нь Ханджав гэсэн нэртэй. Ах дүү хоёр ярилцаж байгаад хоёр бага хүүхдээ хооронд нь зөрүүлээд өргөөд авчихсан гэнэ.Гэтэл Ээлтийн зарц Дамдин өргөж авсан ганц охинтой нь хайр сэтгэлийн холбоотой болжээ.

Баян Ээлт энэ явдалд огт таатай хандсангүй. Ядуу зүдүү, бас удам муутай гээд халгаахгүй байж. Ингэж байтал Ханджав том хүү Дэндэвээ төрүүлчихжээ. Тэгээд ч байдал дээрдсэнгүй, баян Ээлт хэзээ ч Дамдинд охиноо өгөхгүй гэж. Гэтэл Ганданд шавилан суудаг, Ээлтийн хамгийн бага дүү Дондов нэгэнтээ нутагтаа ирэхдээ Дамдинд “Цаад хоёрыгоо авч оргоод хүрээнд очиж амьдар. Тэр хүрээ гэдэг чинь зовсон хүн жаргадаг, золбин нохой таргалдаг газар” гэж зөвлөжээ. Тэр ч битгий хэл хүрээнд очвол миний найз “Яатуу” хочтой Даваа дээр очоорой гэж захиа бичиж өгсөн ч гэсэн яриа бий.
Тэр цагийн хууль журмаар бол албат хүн аймаг хошуунаасаа гарах эрхгүй байж. Хэрвээ оргож босоод баригдвал нэлээд хатуухан шийтгэл хүлээдэг байсан байна. Тэд эхлээд нэг оргож. Баригдчихаж. Дараа нь Мандалын хүрээний цам үзнэ гэж гараад замаа буруулан одоогийн Дорноговийн нутгаар дамжиж, ихэд тойрч явж байж Маймаа хотын барааг харсан гэнэ.

Д.Сүхбаатарын ах дүү нараас том ах Дэндэв нь л хувьсгалын хэрэгт гар бие оролцсон бөгөөд дүүгийнхээ үйл хэргийг их дэмждэг нэгэн байжээ. Нэлээн ч сэргэлэн эр байж. Сүхбаатарыг төрөөд гурав, дөрөв хоносны дараа угаалга хийжээ. Тэр угаалганд Шүтээний аймгийн Хаймчиг гэдэг лам оролцож. Дамдин, Ханд хоёрт ламд өгчих өргөл барьц байсангүй. Тэгэхээр нь том хүү Дэндэвээ гар хөлийн үзүүрт заруулахаар өгчихжээ. Хөрөнгөтэй ламын дэргэд очсон Дэндэв монгол бичиг, төвд хэл сурч тэр цагтаа л боловсролтой хүн болж. Бас наймаанд тун ч одтой эр байжээ. Хүнээс юмыг нь салгаж, мулзалж салдаг учраас “Мулзан” гэдэг хочтой болсон ч гэлцдэг.
Хувьсгалт нууц бүлгэм байгуулагдаж эхэлсэн үеэс Д.Сүхбаатарын гэр бүлийнхэн гээд гамингууд элдвээр зовоогоод байхаар нь тэрбээр ээж Ханджав болон дүү Долгорыгоо нөхөртэй нь дагуулаад Ханд вангийн хошуу буюу одоогийн Булган руу зугтчихжээ. Замдаа ээж, дүү хоёроо айлд орхиод хүргэнтэйгээ хамт Орос руу гарч, цаашаа Сүхбаатар дээр яваад оччихсон гэдэг. Тэгээд журамт цэрэгт элсэж, Хиагтыг чөлөөлөх тулаанд оролцсон байна. Дараа нь Х.Чойбалсангийн удирдлагад баруун замын байлдаанд оролцож явжээ. Тэрбээр 1925 онд дүүгийнхээ анхны албан ёсны намтрыг бичиж үлдээсэн гэдэг. Гэвч хэвлэгдэлгүй өдийг хүрсэн бөгөөд өдгөө улсын Төв Архивын харъяа МАХН-ын баримтын төвд хадгалагдаж байна.

* * * * * * * * * * *

Шигтгээ . 1922 онд Сэцэн хан аймгийн Ёст бээс Доржжавын хошууны бүх хүний нэр, овог, нас, өрх ам, малын тоог тодорхойлсон бүртгэлээс...

Сайд жанжин Сүхбаатар, ургийн овог Хайс, нас 28. Өрх 3. Лам Дэндэв нас 33, хар Эрэнчин нас 31 /зарим номонд Аранжин гэж ташаарсан нь буй/, хөвгүүн Төмөр нас 3, эх Ханджав нас 62, ноёхон Янжин нас 30, эм Мандал нас 35, хүүхэн Долгор нас 21, Оюун 6 настай, ам 9. Адуу 11, үхэр 10, хонь 10 гэж бүртгэгдсэн байна.

* * * * * * * * * * *

Сонирхолтой нь энэ бүртгэлд хүү Галсанлхүндэв /Галсан/ нь бүртгэгдээгүй байгаа явдал юм. Бүртгэлийн талаар дурдсантай холбогдуулан жанжны нууц нэрийн талаар ганц өгүүлбэр бичих нь зүйн хэрэг. Д.Сүхбаатар нь Зөвлөлт Орос Улсад /тухайн үеийн нэрээр/ тусламж гуйхаар явахдаа Төмөр, хувьсгалт нууц бүлгэмийн гишүүд хоорондоо харилцахдаа түүнийг Ээж хэмээн нууцлан нэрийдэж, үйл ажиллагаагаа явуулж байв.

Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар өөрийн эхнэр болох Нэмэндэйн Янжинтай 1910 онд гэрлэсэн байна. Сүхбаатар. Янжин хоёрыг олны хэл амнаас холдуулж Янжингийн өвөг эцэг Өвгөнхүү өөрийн дүү Очирындоо хэсэгтээ суулгажээ. Дараахан нь тэр хоёр Сүхбаатарын аавынд суух болжээ. Төд удалгүй 1912 оны цагаан сарын битүүний өдөр Д.Сүхбаатар, Н.Янжин хоёрыг хүүтэй болоход үндсэн хүшуу болох Ёст бэйс Доржжавын хошууны харъяат Хаймчиг гэлэн гэгч хүн хүүд нь Галсан хэмээн нэр өгчээ. Дараа нь Ёнзон хамба гэгч “Лхүндэв” гэсэн нэрийг нэмж өгснөөр “Галсанлхүндэв” гэдэг нэртэй болсон байна. Галсанлхүндэвийг есөн настайгаас нь эхлэн Галсан хэмээн нэрлэх болжээ. Янжингийн нэрийн хувьд гэвэл түүний нөхрийн номын багш онхуд овгийн С.Жамъян гүнгийн гэргийг Янжин гэдэг байж. Иймд номын багшийнхаа гэргийн нэрийг байн байн дуудаад байх нь шавь Сүхбаатарт нь эвгүй санагддаг байсан биз. Тэгээд авгайнхаа нэрийг Янжмаа болгосон байж болох. Нөгөөтэйгүүр Дамдин, Ханд нар ч хүүгийнхээ номын багшийн нэрээр бэрээ дуудаад байх нь зохимжгүй байснаас Янжин нэрийг нь Янжмаа болгохыг зөвлөсөн байж ч мэднэ.

Харин Сүхбаатарын Янжмаа болсон түүх 1946 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр /Янжмаагийн мэндэлсний 53 жилийн ойн өмнөх өдөр/ болсон хурлаас эхтэй бөгөөд МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүд, НТХ-ны нарийн бичгийн дарга нарын тухай гаргасан цомогт Сүхбаатарын Янжмаа болгож өөрчилжээ. Үүнээс хойш Нэмэндэйн Янжмааг түүний нөхөр Сүхбаатараар овоглох болжээ. Энэ нь хэд хэдэн шалтгаантай байж болох юм. Юуны түрүүнд шалгарч товойн тодорсон хүний нэрийг мөнхжүүлэх зорилготой байсан байж мэднэ. Цаашилбал европчууд тэр дундаа Зөвлөлтийнхний нөлөөгөөр эхнэрийг нь нөхрөөр нь овоглодог ёсыг дуурайж хуулбарлан хэрэглэдэг болсон байх. Түүнчлэн Сүхбаатараар овоглохыг Янжмаад хэн нэг нь зөвлөсөн ч байж болох.

 Харин жанжны үхлийн талаар хорлогдсон гэсэн таамаглал нэлээд газар авч байсан. Гэвч тухайн үед  Д.Сүхбаатарыг  оршуулчихаад дараа нь задлан шинжилгээ  хийсэн ба элэг болон бусад эрхтнээс нь тодорхой дээж аваад  Зөвлөлтөд шинжилгээ хийлгэхэд “хорлогдсон зүйл алга” гэсэн хариу гарсан байдаг.

Харин хорлогдсон гэх цуу ярианы тухайд гэвэл тэр үед удган Наранмандах гэдэг хүн хараал жатга хийж, явган яриа тархаасаныг илрүүлэн шийтгэсэн байдаг. Мөн цагаантан Боронин, Мечков нар жанжны амийг хорлох гэж байсан тухай баримт үлджээ. Эдгээр баримт Үндэсний Төв Архивын сан хөмрөгт хадгалагдаж байна.

Эцэст нь Д.Сүхбаатарын шарилын талаарх нэгэн таамаглалыг дурдая. Бөө судлаач, Д.Сүхбаатар судлаач, доктор, профессор Отгоны Пүрэв нэгэн сонирхолтой таамаг дэвшүүлсэн байдаг. Тэрээр “Жанжин Сүхбаатар хоёр метр орчим өндөртэй хүн байсан. Гэтэл түүний бунханд байгаа шарил 1.60 м өндөртэй байгаа нь өөр хүний шарил хийсэн байж болзошгүй” гэж тэрээр үзэж байгаа аж. Ямартай ч тус асуудлыг цаашид судлахаар болоод байгаа гэнэ. Хэрэв тус шарил жанжин Д.Сүхбаатарынх биш бол “жинхэнэ” шарил нь хаана байж болох вэ? Магадгүй түүнийг нууцаар өөр газар оршуулсан байхыг ч үгүйсгэх аргагүй юм. XX зууны Монголын түүхийн хүрдийг эргүүлэхэд баларшгүй ул мөрөө үлдээсэн Бүх Цэргийн жанжин “цагаан дээлт” хэмээх Дамдины хүү Сүхбаатарын хувийн амьдрал, удам судрын тухай товчхон өгүүлэхэд ийм буюу.

Эх сурвалж: http://greatkhanaa.blog.banjig.net

13 сэтгэгдэл:

null
САНАСААР

их жанжины яруу алдар бадартугай

дурлагч

Сайхан мэдээлэл байнаа. Огт мэддэггүй байсан зүйлээ мэдэж авав.
Гэснээс өөрийнхөө удмын түүхийг энүүн шиг дэлгэрэнгүй мэдэж авхынсаан.

Tsogoo (зочин)

Одоо өнгөрсөн биздээ шатаачихаа биз дээ байсан хэдэн ясыг нь

Зочин

Dajgui medeelel bna

Үлэмжийн чанар

Пионерт элсэж байлаа гэж

LoveLove

Гоё мэдээлэл байна. Баярлалаа

Chepak (зочин)

Нөгөө бид нарыг сурагч байх үеийн түүх шүүдээ.

Ленинтэй уулзаж байсан эсэх нь ч маргаантай.

Сайн судлаж үнэн мөнөөр нь тогтоох хэрэгтэй харин тэр баатар нтр бол байсан гсн байсан гсн.

Янзагахан

Пэээ би ямар гоё юм уншчихваа. Ерөөсөө жанжин Сүхбаатарийн талаар ийм мэдээлэл түүх намтарыг нь уншиж байгаагүй юм байна. Баярлалаа

Ицми

Баяр хүргий Сүхээ ахаа... өө бишээ Ицми баяр хүргэжийн гээд дамжуулчаарай этэр гээд

Гандирс

Хавар Боловсрол ТВ-ийн Нууцын хаалга гээд нэвтрүүлгээр ёстой хачирхалтай хачирхалтай баримтууд ярьж байсан.

Үхээгүй, германд цагаачилсан. Бүүр сүүлд 70-аад оны үед Германд сурч байсан Монгол оюутан гудманд таараад дуудахад эргэж харчихаад булан тойроод яваад өгсөн. Өтөлсөн л болохоос дүрээрээ мөн байсан, нөгөө ямар ч билээ малгайтайгаа байсан гэж ирээ л ярьж байсан.

Сүхбаатар судлаачид их олон юм ярьдын билээ итгэж болмоор.

Ojuu (зочин)

Болидооо. Сүхбаатар хизээч Ленинтэй уулзаж байгаагүй шдээ. Яг сайхан уншиж эхэлж байтал. :(. Зо зо алдийм байна. Тэр 2 ыг кинон дээр л уулзуулсан юмдаа тэгээд ч тэр үеийн нийгэмд тэгэх шаардлага байсан.

Честмир

Хон хэрээд овогт Энхбат гуай болхоор үнэн түүх гэж захиалгат аллага номондоо тодорхой бичсэн байдаг. Баабар гуай Данзангийн бие хамгаалагч байсан гэдэг. Сайн мэдэхгүй юм. Гэхдээ миний бодлоор Монгол Улсын тусгаар тогтнолд хамгийн их хувь нэмэр үзүүлсэн

Bayarhuu (зочин)

hehehe, bichsen tuuh chin buruu baina daa, huurhii... suhbaatar lenin 2 uulzaagum shde, deer n bas yun guilgachingiin huuhed said boloh ve? odoo l utgaa aldtsan bolohoos, deer uyed hudlaa ch gesen yum gedeg nom durmeeree baisiim shde.
yazguurtnii huuhed l said boldog baihsan baihku yu. neg guilgaching said bolgono gej haa ch baihgui, suhbaatar chin tsagaan yastan yazguurtnii udam shde.
naadah chin HU namiin zohioson ulgeruudiin l neg baina doo...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)