МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Үүлэн дээр үүлэн сүүдэр тусна

Үүлэн дээр үүлэн сүүдэр тусна

Өглөөний тунгалаг наран мандаад нэлээд удсаны дараахан төмөр шувууд нисч буудаг буудал дээр очлоо. Тун удахгүй мөнөөх аварга шувуудын нисч буудаг газраас миний бие олон олон хүний хамтаар төмөр шувуунд сууж Хөх усан нуур, Ховдын хязгаар луу дүүлэн харван очих билээ. Улсууд аварга төмөр хөлөгтөө сууж гүйцсэний дараа нүргэлсэн их дуун хавь ойрыг эзлэх ахуйд хувь хувьдаа бэхэлгээ юугаа хийн хөөрөн нисэхэд бэлэн болов оо. Сүүлийн үед нисдэг төмөр шувуунд ганц нэг суухдаа шөнөөр голдуу явсан юм. Энэ удаа өдрөөр нисэх завшаан олдов. Төмөр шувууг нисгэдэг хүн нь биш юм чинь тэр болгон нисээд байх боломж байхгүй шүү дээ. Ингээд аварга далавчит нүсэр шувуу маань агаар огторгуйг зүсэн зүсэн дүүлэн халин хөөрөв. Хөлгийн цонхоор газар дэлхийг ажиглан явахад янз бүрийн зүйлс бодогдоно.

Үнэндээ газар нутгийн дийлэнх нь зуншлага гэхээр юмгүй цагаанаараа шахуу байлаа. Уг нь зуны сар дундаа орж байгаа шахуу энэ үед газар эх нов ногоон байдагсан. Хур гайгүй хаячихвал уг өвс ногоо ургаж, сайхан болох байх л даа гэж дотроо бодож суулаа. Эндээс Хөвсгөлийн нисэх буудалд буух хүртэл 50 орчим минут л нисдэг юм байна. Хөвсгөл ортол ихэнх нутгаар цэлмэг үүлгүй байлаа. Ер нь ажаад байхад хангай говь гэлтгүй нөгөө муухай цөлжилт гэдэгт нь залгиулж байгаа юм байна даа гэж дотроо харамсаж явсан. Хөвсгөл нутаг ч тийм сайн зуншлага гэхээр юмгүй гундуухан харагдаж байсныг нуух юун. Ингээд Хөвсгөлийн нисэх онгоцны буудал дээрээс цааш нисч алс баруун хязгаарын Ховд хотыг зорьлоо. Цаг жаахан илүүтэй нисээд Ховд хотод хүрэх аж. Энэ хооронд үүлийг доороос нь биш дээрээс харах ямар гайхам сайхан бэ гэдгийг мэдрээд авлаа. Хүүхэд байхад онгоцоор бишгүй л олон нисдэг байсан ч тэр гайхам сайхныг тоохгүй өнгөрдөг байж. Үүлэн дээгүүр хөвөхөд үнэн таашаалтай. Газарт үүлэн сүүдэр дайрдаг даа. Яг түүн шиг үүлэнд үүлэн сүүдэр дайрдаг аж. Нэг ёсондоо үүлэн дээр үүлний сүүдэр унах нь ер бусын содон харагдах.

 

Миний тааж байгаагаар хуртай борооны үүл газраас 2-3 км орчим өндөрт байдаг бололтой юм. Харьцангуй хүнд байдаг байх л даа. Харин хургүй үүл нь тэрнээс дээшээ ёстой л эрх дураараа хөвөн хөвөн тэнэдэг биз. Тэгээд би бас л бодлоо. Дэлхийн дээвэр гэгддэг Төвдүүдийн нэрлэдгээр Жомолунгма, Балбуудын хэлдэгээр Сагарматха оргил далайн түвшинээс дээш 8850 өндөр. Гэтэл төмөр шувуу маань 7000-9000 метрийн өндөрт нисдэг. Тийм аймаар дээрээс газар луу харахад аварга том бүхэн өчүүхэн харагдана. Тэгэхээр Эвэрэстийн оргил ямархан өндөр вэ гэдэг нь ойлгогдохоор. Дээшээ бараг л есөн км газар шүү дээ. Замын төв цэгээс Яармаг орох замыг л дээш нь босгоход тиймэрхүү өндөр болох байх. Нөгөө өндөрт байх үүлсийн дундуур ороход цасан далай дундуур явахад л нэг имй байдаг болов уу гэмээр мэдрэмж төрөх агаад нэг л сайхан сэрүү татаад явчих шиг санагдана. Мэдээж онгоцны гаднаас нэвт сэрүү татна гэж юу байхав. Гэвч сэтгэл дагаад ч юм уу нэг тийэрхүү мэдрэмж төрж байв. Ингэж явсаар бид Ховд хотод буулаа. Нисэх онгоцны буудал нь аюулын гайгүй тохилог аж. Ховд хотод бараг хоёр цаг гаран байх ёстой учир аймгийн захиргааны байрны урдах төв талбайд нь очиж сонирхов. Тэр талбайг Аюушийн талбай хэмээнэ. Голд нь Ард Аюушын хөшөө байх агаад цагийн саалтаар нэлээд хуучирчээ.

Гэтэл Галдан Бошготын хөшөө бас л тэр талбайд сүндэрлэх юм. Саявтхархан босгосон бололтой уг хөшөө шинэхэн бас сүрлэг харагдаж байв. За ямар ч гэсэн Ховд хотынхоны ахуй байдлыг хальт ч болов мэддэг болсондоо таатай л байна. Аймгийн төвд баар дэлгүүр хангалттай. Мөн хэд хэдэн их дээд сургуулийн салбартай. Аргагүй дээ. 87000 орчим хүн амтай, баруун бүсийн хөгжлийн тулгуур аймаг юм чинь. Ийн Ховд хотоос буцах боллоо. Удхгүй бид Хөвсгөл аймгийн Мөрөн хот руу буцаж нисэх болно. Учир нь МИАТ-ын нислэгийн маршрут нь тийм. Улаанбаатар-Мөрөн-Ховд-Мөрөн-Улаанбаатар. Олон бууж суух нь л жаахан тиймхэн юм билээ. Ингээд Мөрөнгөөс хот орох зорчигдыг аваад мишээсэн дагина Улаанбаатартаа эсэн мэнд газардсан даа. МИАТ-ын үйлчилгээ боломжийн юм аа. Нэг зүйл хэлэхэд онгоцны үйлчлэгч бүсгүйчүүд ёстой лусын дагинас байсан. Юун тэр Айр Чайна, Кореан Айр, Жапан айрлайнсын үйлчлэгч хүүхнүүд. Монгол бүсгүйчүүд хажууд нь жинхэнэ урлагийн бүтээл байгаа юм чинь. За ийм л юм болсон юм даа. Зугаатай аялал хийлгэсэн МИАТ-ын хамт олонд нэн талархав.

start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

null
Хэрлэн (зочин)

мэнд газардсаны мэнд хүргэе. хэхэхэ

3apaa (зочин)

Хорвоотой танилцсан түүх гэдэг шиг хэ хэ... Ингэхэд багштан ямар ажлаар яваад ирсийм бэ? Ажил хийсэн хугацаа нь алдагдчиж :P

stormy (зочин)

Ямар нэгэн ажил хийгээгүй ээ. Зүгээр л шинэ нислэгийн маршруттай танилцах нислэг. Буугаад л суугаад л нисээд л. Тэгээд л болоо шүү дээ.

secretwish (зочин)

гоё бичлэг байна, хүүхэн харахаа мартахгүй юмаа ккк

XACAP (зочин)

Цөс ихт баруун нутгаар аялсан уу Их багш баруун этгээдэд зорьчсон нь тэрүүн бөлөг оршвой

AntiDotE (зочин)

Сайхан нүдэнд харагдтал бичиж ээ. Гэхдээ энэ ямар сонин нарийхан урт бичлэг вэ :P.

maya (зочин)

төмөр шувуунд суугаад...үүлэн дээгүүр нисээд...лусын дагинас хараад... гоё юмаа

Tsaad (зочин)

Өөрөө явсан мэт санагдав kkk Лусын дагинасаас харамлах сэтгэл төрөв...

Арслантай авдар (зочин)

Энэ чинь харин нуль кайф байна даа.Дээхнэ үед сонгуулиар Ховдоос наашаа ачааны онгоцоор ирэх гэж жинкэнэ амьтан болсон доо.Жаахан юм уучихсан байсныг хэлэх үү,давсаг хагарах гээд шээчих газар байдаггүй нээрээ гөвчрөнө гэдэг л болсон.Биднууд нэг ахмад хамтлагийнхантай ,бас сайдтайгаа хамт явсан юм.Аваргууд сүүлдээ тэсэхээ байгаад ундааныхаа савнуудад гуссышдээ.Сайд гуай өөрөө баларч байгаам чинь хахаха

tsatsral (зочин)

dajgui bson bna shu

Janna (зочин)

Buiriin nutgiin Stormy Huuriin egshigend uyaraad Guuriin ajil hiiheer Nuuriin zug odloo (sorry..hehe)

Logo (зочин)

WOW, гоё зургууд байна.

саншайн (зочин)

онгоцоор нисэхээс айдым шүү тэгэхдээ л нисэхээс өөр аргагүйм чинь яалтай ч билээ дээ тэ сайхан бичжээ

LoveLove (зочин)

Үүлс ч гоё шүү нэг тийм сэтгэл догдлуулсан онгоцоор биш өөрөөрөө нисдэг бол гэжж

Гандирс (зочин)

Үүлний зураг нь тасархаймаа... Жомолунгума гэснээс би холоос ч болтугай барааг нь харахсан гэж сүүлийн үед нэн их хүсэмжлэх боллоо...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)