МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Сэрүүн тунгалагийн орон Умард Солонгос /үргэлжлэл/

Ер нь Монголчууд болон Солонгосчуудын харилцаа их эртнээс улбаатай. Юань гүрний сүүлчийн хаан Тогоонтөмөр солонгос хатантай байсан нь түүхэнд тэмдэглээстэй. Солонгосын хойгт Монголтой холбоотой түүхийн дурсгалтай газрууд бол чамлахааргүй бий. Нийтийн тооллын эхэн үед Когурёо, Пэкжэ, Шилла нэртэй гурван хаант улс бий болсоныг нь түүхэнд “Гурван улсын үе” хэмээдэг. Ингээд тусдаа гурван хаант улс байж байтал Шилла нь Тан улсын тусламжтайгаар бусдыгаа өөртөө нэгтгэсэн байдаг. Гэвч нутгийн хойд хэсгээр Когурё нарын байгуулсан Палхэй гэдэг улс оршин тогтносоор байжээ. 900 гаад оны эхэн үед Шилла нь суларч, Гүрёо гэдэг улс байгуулагдаж. Харин 926 оны орчимд Палхэй гэдэг гүрэн нь Кидан нарт цохигдон мөхсөн гэж түүхэнд бичигджээ. Кидан нар гэдэг чинь түүхэнд хамгийн их хятадчилагдсан нүүдэлчид гэгддэг бөгөөд монгол угсааны хүчирхэг аймаг юм. Дараа нь 13-р зууны үед Монголын эзэнт гүрний довтолгоон Гүрёо улсыг ихэд доройтуулжээ. Гэвч тухайн үедээ Монголын эзэнт гүрний харъяат байдлаар оршиж байсан байх юм. Энэ үедээ гүнж тэргүүтнээ хаадууд бие биедээ өгч, нэлээд гүн харьцаатай байжээ. Одоогийн Умард Солонгосын газар нутаг нь ойролцоогоор 120 мянга орчим хавтгай дөрвөлжин км нутагтай. Энэ нь хэмжээгээрээ манай Дорнод аймагтай адилхан гэсэн үг л дээ. Монголчуудын хувьд тэдэнтэй нийгэм яаж ч солигдсон найрамдалт харилцаа хэвээрээ байдаг. Хоёр Солонгосын дайн үеэр Умардын талаас олон хүүхэд Монголд ирж, өсч хүмүүжиж зарим нь бүүр том дарга болсон мэдээ ч байдаг. Ямартай ч хойд Солонгос хоёр улс ямар ч үед найрамдалт харьцаатай байсаар ирсэн нь түүхийн маргашгүй үнэн билээ.

Хүмүүс энд тэнд аялахдаа хоолонд нь санаа зовох гээд байдаг. Харин тэнд Монголчуудын хувьд санаа зовох зүйлгүй. Тун амтлаг сайхан хоолтой. Харин кимчи нь арай сул амттай юм шиг санагдсан. Хуучин долоон төгрөг 20 мөнгөний үнэтэй хиам байдаг байв даа. Яг тэр хиамыг тэндээс идэж болно. Амтны хувьд ярих юмгүй. Котлет болон бусад амтлагчууд монгол хүнд тун сайн зохихоор. Кимчи нь харин арай сулхан амттай юм шиг ээ. Халуун ногоо бага байх л даа. Энд бид нар ямаа, тарвагаар боодог хийдэг бол тэнд тахиагаар боодог маягийн юм хийнэ. Тэр нь 30 орчим еврогийн үнэтэй. Тахианы боодогонд хүн орхоодой, төрөл бүрийн эмийн чанартай ургамалууд, будаа, амтлагч зэрэг орно. Гурваас дөрвөн цаг ууранд жигнэж болгодог гэж байгаа. Жуулчид их сонирхож иддэг бололтой. Амтны хувьд давгүй ээ. Хоолон дээрээ бага зэргийн архи, пивийг хэрэглэнэ. Мэдээж тэгж согтоохоор их биш. Гэхдээ үйлчлүүлэгч хүсвэл нэмж хэдийг ч авсан болно. Хойд Солонгосын үйлчилгээний газрууд, тэр дундаа зоогийн газруудын үйлчлэгч нар бол бас л юм юмтай даа. Хоол цайгаа зөөхийн хажуугаар үйлчлүүлэгч хүсвэл сайхан дуу дуулж, хөгжим тоглож өгнө. Урлагийн бяцхаан аятайхан тоглолт хийчихэнэ. Харин дуулдаг дуу нь бол голдуу агуу удирдагч нараа магтсан дуугаа дуулна. Бас Монголчуудын хамгийн сайн мэдэх танил дуунууд болох “Москва орчмын үдэш”, “Катьюша” зэрэг дайны үеийн зөвлөлтийн дууг дуулж өгнө. Тэгээд мөнөөх бяцхан тоглолтынхоо хаалт болгож “Интернационал” дууг бахдалтайгаар дуулж сонирхуулна. Дуулахдаа баруун гараа зангидаад, тохойгоороо хагас нугалаад, нүдээ хагас аниад үнэхээр итгэл үнэмшилтэй дуулж байгаа юм аа. Хөгжим нь баян хуур. Тоглож байгаа нь ч лут тоглох юм билээ. Зөөгч-дуучдын хоолой яг нэг хэвэнд цутгасан юм шиг адилхан. Тиймэрхүү хуучны дууг тэгж ойроос, амьдаар нь сонсох нь сонирхолтой шүү.

Хойд Солонгосчууд уран зураг, уран хатгамалаараа дэлхийд гайхагддаг ард түмэн. Хатгамал нь дотроо хоёр янз байдаг аж. Тухайн хатгамалаа хийхийн өмнө зургийг нь зурчихаад хатгах, шууд хараад хатгах гэж. Эхлээд зургаа зурчихаад хатгах нь арйа хялбар байдаг гэнэ лээ. Гэхдээ нэг бүтээл дээр ядаж л 21 хоног суудаг гэж байгаа. Пхеньян хотын хатгамалын төв ордон гэж газар байх бөгөөд тэр нь хатгамалчдын урлан. Тэнд хамгийн удаан хатгамал хийж байгаа гэх 50 гаран насны нэгэн эмэгтэй ямар нэгэн дэвсгэр зураггүйгээр шууд харж хатгадаг гэж байсан. Лут авъяас шүү. Тэр харьцаа, өнгө будаг, уусалт зэргийг эх зургаас нь бараг илүү гарахаар хатгасан байгаа юм даа. 20 дахь жилдээ хатгамал хийж байгаа нэг эмэгтэй аав хүү хоёрын фото зургийг хатгаж байсан. Нүдний өнгө, харц арын дэвсгэрийн уусалт зэргийг фото зургийн хэмжээнд л хатгаж байна лээ дээ. Тэр зургийг сар гаран хатгаж байгаа гэсэн. Өөрийн болон гэр бүлийн зургийг энэ мэтээр хатгуулахыг хүсвэл хэмжээнээсээ хамаарч 100-аас дээш ам.доллар болдог юм байна лээ. Уг ордоны коридорт бол жинхэнэ урлагийн бүтээлүүд байрлана. Тэд хатгамалыг зүгээр энгийн нэг хоёр хэмжээстээр хийгээд зогсохгүй гурван хэмжээсээр бүтээсэн байна гээд боддоо. 3D кино, зураг гэдэг шиг 3D хатгамал. Гайхамшигтай. Уран зургийн хувьд бас л хатгамал шигээ. Яг фото зураг. Зургийн агуулга нь үзэсгэлэнтэй бүсгүйчүүд, нисэж байгаа шувуу, үзэсгэлэнт байгаль, тэгээд мэдээж цэрэг эх орны сэдэвтэй. Бүсгүйчүүд гэснээс хойд нутгийн бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэн үнэхээр төгөлдөр юм билээ. Бид хэдийгээр хязгаарлагдмал маршрутаар аялсан ч бүсгүйчүүд нь нийтээрээ их царайлаг. Цаг уур нь тун аятайхан болохоор тэр юм уу цайвар цагаан царай, дугираг нүүртэй. Умардын охид, өмнөдийн залуус гэдэг хэллэг зүгээр ч нэг гараагүй бололтой шүү. Гэхдээ умардынхан ерөнхийдөө л царай зүс сайхантай, нүдэнд дулаахан улсууд. Харин нэг сонин зүйл анзаарагдсан нь бараг л бүгдээрээ чихээ цоолоогүй байсан.

Аливаа улс орны өнгөрсөн түүхийг агуулж байдаг зүйл бол музей билээ. Тэгвэл энэ улсын “Дайны музей” гэдэг үзэсгэлэнд 1950-1953 оны Солонгосны дайны үеэр хоёр талын ашиглаж байсан техник хэрэгсэл, олзолсон онгоц, буу зэвсгийг бодит байдлаар харуулснаараа бараг өөр хаана ч байхгүй аж. Энэ музейн доод давхарт нь тухайн үед олзолсон тагнуулын, сөнөөгч болон бөмбөгдөгч онгоцнууд яг бодитойгоор байна. Бөмбөгний хэлтэрхий нь хүртэл үзмэр болон хадгалагджээ. Хойд Солонгосын армийн тэнгисийн цэргийн бахархалуудын нэг торпед харвагч шумбагч онгоцоо энд байрлуулжээ. Тэрхүү шумбагч дайны үед дайсны сөнөөгч онгоц тээвэрлэгч усан онгоцыг баатарлаг гавъяа байгуулж устгасан хэмээн тайлбарлагч их л бахдалтайгаар өгүүлж байсан. Сонирхол татахуйц түүхтэй нэгэн үзмэр байсан нь маш том модны үндэс. Дайны гал дүрэлзэж байх үед энэ модны доор умардынханы армийн хэд хэдэн танк, машин, зэр зэвсгийн ихээхэн хүч түр буудаллаж, дайсны бөмбөгдөлтөөс хамгаалагдаж байжээ. Ийм гавьяатай модныхоо үндсийг нь хүртэл авчираад үзмэр болгожээ. Уг дайнд тухайн үеийн цэрэг зэвсэг, байлдааны машин механизмын хамгийн шилдэгүүд нь оролцож байсан бөгөөд нэг ёсондоо зэвсгүүдээ туршиж байсан гэмээр. Агаарын байлдаан хийж байгаад сөнөсөн онгоцны их бие, мотор, сэнс, далавч гээд ер бусын сонирхолтой үзмэрүүдийг эндээс л харж болох юм. Үзмэрт тавигдсан машин техникүүдийн багагүй хэсэг нь бензин хийвэл асаагаад явж болохоор юм гэсэн. Түүх болох ийм зүйлсийг ингэж хадгалж, хүмүүст үзүүлж байгаа нь сайхан л юм билээ. Энэхүү том музейд байх зураг ба жинхэнэ техник хэрэгслийг хослуулан хийсэн үзмэр хэн хүний сонирхолыг татна. Энэ үзмэрийг 40 зураач бүтэн жил хагас зурж, 1974 онд сая нэг дуусчээ. Эргэлддэг байдлаар бүтээгдсэн болохоор эхлэл төгсгөл гэх юмгүй нэгэн цогц бүтээл ажээ. Энэхүү бүтээлийн аль нь зураг, аль нь жинхэнэ техник хэрэгсэл гэдгийг ялгах бэрх юм байна лээ. Иймрхүү музейг үзсэн хэн ч гэсэн бахархахаар л даа. Хойд Солонгосчууд энэ музейгээрээ тун их бахархадаг нь тайлбарлагчийнх нь ярианаас шууд мэдрэгдэж байлаа.

Өмнө хэлсэн дээ. Ирэх жил их удирдагчийн 100 насны ой болно оо гэж. Энэхүү нүсэр том арга хэмжээнд зориулж маш олон жил баригдаж байгаа 105 давхар бүхий пирамид хэлбэрийн барилгаа ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа аж. Их бүтээн байгуулалт өрнүүлж байгаа болохоор хүн хүчний хэрэгцээ их л байдаг биз. Тэд бүх их дээд сургуулийнхаа хичээлийг бүтэн нэг жилээр хаасан гэнэ. Оюутнуудыг их ойн арга хэмжээнд зориулсан бзтээн байгуулалтанд ажиллуулж байгаа ажээ. Ер нь бол энэ улс дараа жилийн дөрөвдүгээр сарын 15-нд болох их ойгоор амьсгалж байна гэхэд болно. Зөвхөн их удирдагч, мөнхийн ерөнхийлөгч Ким Ир Сенд зориулж 150 сая амьд цэцгийг тарьж ургуулж байгаа гэнэ. Замын хоёр талаар тарьж ургуулж байгаа цэцгээ өрж тавьсан байхыг төвөггүй олж харна. Мөн хүлэмжүүдэд ч өнгө өнгийн цэцэгсийг тарьна. Оюутнууд бололтой ижил хувцастай хүмүүс өглөө 06 цагийн орчмоос эхлээд бөөн бөөнөөрөө дуу дуулан жагсаалаар явах бөгөөд ажилдаа явж байгаа нь тэр бололтой. Багцаагаар нэг тийм жагсаалд ядаж л 200 хүн хангалттай байгаа. Ер нь аливаа ажлыг хүний хүчээр л нугалдаг бололтой. Ямар нэгэн газар шорооны ажил явагдаж байгаа газар улаан туг хатгаастай. Зарим газраа арай олон туг байхыг бодвол социалист уралдаанд тэргүүлэгчид юм шиг байна лээ. Замын хоёр талаар байх явган хүний замыг дор нь хуулж хаяад шинэ зам тавьчихаж байгаа юм. Удирдагчийн төрсөн өдрийн баярыг угтаж хотын төвөөр байгаа том том, өндөр моднуудыг үндсээр нь сугалж авч байгаа гэсэн. Учир нь энэхүү том моднуудад царцаа маягийн шавьж их цугладаг гэнэ. Тэгээд тэр шавьжнууд их эвгүй, чийртэй дуу гаргадаг нь хэцүү байдаг бололтой. Энэ моддыг оронд бутлаг маягийн өнгө үзэмж сайхан намхавтар бут тарих аж. Гудамжаар нь автобустай явж байхад айлуудын гэрэлтэй цонхоор нэг зүйл их тод харагдах нь ханан дахь их удирдагчдын хөрөг зураг. Ер нь тэндний зургийг байнга харсаар байгаад дасах шинжтэй болдог юм байна лээ шүү.

Үргэлжлэл бий.

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
Анжигай (зочин)

Тэр нэг музейг л үзмээр байгаам даа.

Ицми

мундаг бичиж байна шүү :)

Аанхаа

Тэр ч бараг Ийсүүс христээс ч лут амьтан байна даа

дурлагч

Ингэж улс үндэстэнгээр нь өөрийгөө шүтүүлж үзээд үхэхысан :Р

NИЧИА (зочин)

Музей, жагсаал гээд л бүгдийг нь үзмээр санагдлаа...

Elkhan

Их хүн шиг өөрийгөө тодруулан хатгамалдуулмаар санагдчихлаа...
Багшээд кимчи нь сул санагджээдээ, их дурдсан байхын...

Shake ... спирт

Үргэжлүүлээд байж дээ ...

AntiDotE

Үзээгүй газар оронтой танилцуулж байгаад талархаж байна шүү.

arius (зочин)

ulam l sonirholtoi

Monroe (зочин)

Сонирхолтой юм аа...

Гэснээс би ер нь яасан ч БНАСАУ-руу явж үзэхгүй гэсэн бодолтой хэвээрээ л байгаад байхын ккк...

3apaa

Гоё бичжээ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)