МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Амьдралын үргэлжлэл бол гарцаагүй эмэгтэй хүн /бодролын өрнөл/

Алс дээд огторгуйд аялан явагч эрхэс гариг хийгээд алтан хөрстэй дэлхийн хаа сайгүй бэдрэн явагч хүмүүн хоёр уг мөн чанар дор нэн адил мэт. Ухаант хүн олон олон газраар хэрэн явах бүрийд мөнхүү ихийг ухааран ойлгож, басхүү дутахгүй ихийг сонсох бүрийдээ улам улмаар мэргэшин чанаржих ажгуу. Эртнээс хэлэгдэн ирсэн билэгт дээд сургаал үгэнд “Суусан цэцнээс явсан тэнэг дээр” хэмээн өгүүлдгийг байнга санууштай. Эрдэм номонд залбиран шүтэх нь ухаант хүн болон төрсний нэгэн гавъяа. Эрдэм билэгт шүтэн сөгдөж, энэрэл хайранд сэтгэлээ өгөгч хэн ч гэсэн хожмийн ирээдүйд сайн үрийг нь гарцаагүй эдлэн жаргамой. Одот их тэнгэрийн дор олиггүй муу үйлтэн бас чамлахааргүй олон байдгийг үргэлж санаж явахад илүүдэх юун. Муу үйлтэн тэд өнөөдрийн хийж байгаа саар муугаа огтоос үл ухамсарлах тул амьдралын хэсэг хугацаагаа тэднийг гэгээрүүлэн гийгүүлэхэд зарцуулууштай мэт бодогдох.

Хэт омог бардам зан, увайгүй үйл нь чамайг өөрөө ч мэдээгүй байхад муу үйлийг хийлгэх нь бий. Уур болоод өчүүхэн ямаан омгоо даран барих нь хэдхэн хормын дараах муу ирээдүйгээс чинь зайлуулан холдуудаг гэдгийг мөн л санаж байх нь зүй. Охид эмсийг өрөвдөн хайрлах нь эр хүний эрхэм чанарын нэг гарцаагүй мөн. “Эрийн муу эмд” гэсэн мэргэн үг байгаа. Адгийн муу арчаагүй унхиагүй эр л бүсгүй хүнд халдан дайрдаг. Амьдралын үргэлжлэл бол гарцаагүй эмэгтэй хүн билээ. Эрдэм номыг огоорон умартаж, садар завхайд хэт шунан дурлах нь саарал амьдралын үр үндэс, хар барааны эхлэл цэг. Өнөөдөр муу үрээр цэцэг тарьвал маргааш муу цэцэг л ургадаг. Тиймийн тул гагц сайн үрээр л цэцэг ургуул. Өрнөн байгаа их бодол оюунаа ямагт цэнэглэн байвал гарцаагүй сайн цэцэг ургах нигууртай.

Дээд тэнгэртээ шүтэн амьдарч, эх газартаа энэрэн орших нь тогтнон байхын илэрхийлэл. Газар шороогоо харамлан хайрла. Алсын нэг цагт хайрын чинь хариу заавал ирэх тул ямагт энэ тухай бодож явах нь зүй. Бид газарт төрөөд буцаад газар шороо, эх нутгийн салхи, огторгуйн тоосонд шингэдгээ яс махандаа тултал нь ойлгох хэрэгтэй. Эх газар чинь ивээл юугаа хайрлаж, одот тэнгэр хязгааргүй их эрчмийг ямагт илгээж байдаг. Тэр их эрчмийн багахан хэсгийг өөрийн болгон шингээвэл магад билэг оюун төгөлдөржин хөгжих билээ. Хөгжин төгөлдөржсөн ухаан байна гэдэг ахуй хорвоо хийгээд дайснаа хүртэл хайрлах хүчирхэг дээд сэтгэлийг бий болгодог. Дайсан өстөнөө хайрлах нь хэцүү мэт байвч хүсэх л юм бол тийм ч айхтар давахгүй даваа биш ээ. Шагнах ёстой бол дайснаа хүртэл шагнах нь ухаалаг төгс оюунтаны илрэл юм. Бодрол бүхнээ цэгнэн тунгааж, билэг ухаанаа цэвэрлэн гийгүүлж, энэрэл хайрыг түгээн тараах нь ухаант хүний үүрэг хэмээн мунхаглан бодно.

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
Gtulga (зочин)

Ккк. Та ер нь Багабандийн титэм үгийн үгийг бэлддийм биш үү. Монгол хүний уламжлалт ухаан, хэлний төгс ярууг гайхан биширюү.

Хэрлэн (зочин)

үнэн үнэн...

БОРОО (зочин)

Остор багшийн титэм үгс...

Apo (зочин)

uhaant humuunii uurgiin talaarhi munhag bodol sonirhotloi bnaa)))

Янзагахан

мунхаг оюуныг минь алт мэт үгсээрээ цэнэглэж буйд тань талархан сууядаа

Цоомоо

хай гайхан бишрэв

Зочин

asdasdasdf

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)