МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Амьдралын амт

Амьдралын амт

Би заримдаа учиргүй их гунигладаг. Чухам ямар шалтгаан намайг тэгтэл их уйтгар гунигт живүүлдгийг мэддэггүй юм. Гэсэн ч гуниглал уйтгар, хөөр баяр, догдлол бас ичингүйрэл байхгүй бол амьдрал юу сан билээ дээ. Нөгөө муу жижиг тэрэгнийхээ жолооны ард суугаад их хотын их хөдөлгөөн дунд ороод явж байхдаа түмэн зүйлийг бодож, мянган асуултын хариуг олохыг хичээдэг. Үнэндээ тэр болгон хариултаа олж чадахгүй л дээ. Гэхдээ би ингэж бодож, гуниглаж, баярлаж байгаагаа мэдрэх тусам амьдралаас жинхэнэ амтыг нь мэдэрдэг ээ. Өнөөдөр бүтээгүй ажил маргааш бүтэж, маргаашийн тунгалаг өглөө намайг тосон авдаг шүү дээ. "Сэтгэлийн жигүүр" гээд сайхан дуу байдаг даа. Энэ дууг сонсох их дуртай. Баяраа агсаны дуулсан нь бусдаасаа хувь санагддаг. "Сэтгэлийн жигүүр"-ийг сонссод явж байхад жигүүртэй болсон мэт санагдах үе ч бий.

Миний сэтгэлийн жигүүр амьдралаас олж авдаг мянга мянган гэгээн бүхний оргил нь билээ. Өнгөрөн одсон бүхнээ байнга үгүй юм гэхэд хааяа бодож байх хэрэгтэй гэж би боддог юм. Наанадаж л гоё сайхан дурсамжаа мартахгүй байх сайн талтай. Багын зургаа үзэж, хүүхэд цагийн нөхөдтэйгээ уулзаад элдвийг хүүрнэлдэж байхад яг л кино мэт урсан орж ирдэг дурсамжууд надад амьдрал гэгчийн амтыг мэдрүүлж орхидог. Үнэндээ цагийн өмнө болсон зүйл ч гэсэн дурсамж гэж санагддаг. Гэвч балчир гэнэн үеийн дурсамжууд юутай сайхан билээ. Буруу хэрэг хийчихээд бурхан болсон өвөөдөө суран бүсээр ороолгуулж байсан одоо бодоход жаргал байж дээ. Гол нь намайг өсгөж өндийлгөсөн эмээ өвөө хоёр минь дэргэд минь байсан нь л жаргал. Намайг ямар их хайраар хайрлаж өсгөсөн юм бэ. Тэр агуу их хайрыг би одоо байнга мэдэрдэг. Үр хүүхдээ  тэр л хайраар хайрлаж өсгөхийг хичээдэг. Бурхан болсон хөгшид минь үр хойчсоо хардаг биз дээ.

Хүүхэд байхад хүүхэд насанд хүргээд өгдөг голт тэрэгний тухай дууг сонсоод их гайхдаг байсан санагддаг. Гэхдээ л дагаж дуулдаг, эсвэл дуу хөгжмийн хичээл дээр нийтээр нь дуулуулдаг байсан. Одоо харин энэ дууны утгыг жинхэнэ утгаар нь ойлгосон доо. Би ч гэсэн тэр галт тэргэнд суугаад өнгөрсөн рүү очоод хэдхэн хором ч хамаагүй байхыг хүсэгчдийн нэг болсон. Өвөө, эмээ хоёртоо очоод ганц үнсүүлэхсэн дээ гэж, санчиг буурал үсийг нь ганц үнэрлэчихээд ирэхсэн дээ гэж, гэнэн томоогүйн сэтгэлээр үг сөрж байсандаа өршөөл эрэхсэн дээ гэж боддог.

Хожмын нэгэн өдөр бас л аав, ээж минь бурхан болсоны дараа бас ингэж бодох байх л даа. Гэхдээ хожим харамсахгүйн тулд тэр хоёртойгоо аль болох хамт байхыг хичээх болсон. Хэдий тусдаа амьдарч байгаа, тэр хоёр маань бас ч гэж залуу хэдий ч хэн хэн нь л буурал сууж, үрчлээ нь нэмэгдэж байгаа шүү дээ. Заримдаа ажлаа дуусчихаад, өссөн төрсөн гэртээ эцэг эх хоёрынхоо дэргэд суугаад элдвийг хүүрнэж байх орчлонгийн дээд жаргал юм даа. Ээжийнхээ аяглаж өгсөн цайг ууж, аавтайгаа энэ тэрхэнийг хөөрч суухад мөн ч сайхан даа. Бас л миний амьдралын амт. Ээ дээ. Өнөөдөр амсч болох жаргалыг хойшлуулж л болохгүй дээ гэж би боддог. Өнөөдрийн жаргалтай агшнууд өнөөдөртөө л хүчинтэй. Тиймээс өнөөдрөө, өнгөрсөнөө, бас ирж байгаа цагаа л хайрлах хэрэгтэй юм даа.    

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
... shake ... (зочин)

Цоолы доо ...

... shake ... (зочин)

Байгаа дээр нь дориухан хайрлаад авмаар юм шиг байгаан ...

LoveLove

Тэр үед нийтлэсэнсэн бол магад түрүүлэх байсан байх. Гоя бичлэг байна.

Runner

Араас чинь дагаад яваадайгуул бас ингэж гэрээрэхайх дай тэ, багшээ

Хаййййхан бичлэгайна дай

молук (зочин)

ээжээрээ хоол хийлгүүлээд идхээр нээх гоя...

НОМИН (зочин)

өнөөдрөө, өнгөрсөнөө, бас ирж байгаа цагаа л хайрлах хэрэгтэй юм даа. ЗА

Elkhan (зочин)

За гичээж санаж явъя даа...

undraa

goy

Gorgeous

тэр 1 хэсгийн жаргалыг энэ насандаа үзэхгүй хүнайхдаа би вуаййй. Айрр эмзэг бичлэг бна. Нулимс дүүрээд ирдэг гэжийшд.

Золу

Би урьд шөнө ээж аав хоерынхоо унтаж байгааг харж хэсэг суусан... тэд минь нэг л өдөр биднийг орхиод явах амьдралын зугташгүй үнэнг бодохоор айдас төрөх болжээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)