МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Сэтгэлд хоногшин үлдсэн дуунууд л жинхэнэ урлагийн бүтээл билээ

Дуу гэдэг үнэхээрийн гайхамшигт агуу урлаг билээ. Ер нь зөвхөн дуу ч гэлтгүй урлагийн бүх л төрлүүд гайхалтай. Хүний сэтгэлийг дуугаар өргөж, уяруулан хайлуулна гэдэг юутай бахдалтай. Би өөрөө дуу дуулж чаддаггүй болохоор сайхан дуулдаг хүмүүст цагаахан атаархадаг л юм. Яая гэхэв. Бурхан гуай надад дуулах хоолой заяагаагүйгээс хойш хувь тавилантайгаа эвлэрдэг ээ. Хааяа ардын сайхан дуунуудаа сонсож суухад үүлэн дээгүүр хөвж, усан дээгүүр алхаж байгаа адил болдог.

Гарын арван хуруу нь ээ хө

Гажаа нь үгүй шулуундаа хө

Гартаа хийсэн бөгж нь 

Хольцоо нь үгүй шижирдээ хө гээд эхлэхээрээ энэ дуу надад үнэхээр хүчтэй нөлөөлдөг. Ардын дууны утга санаа ёстой л далай мэт уужим, тэнгэр мэт агуу. Хөдөө хээр талд морин дэл дээр хийсч уртын сайхан дууг дуулан яваа эрдүү сайхан хоолойнд атаархахгүй байхын аргагүй. Эхийн элбэрэл хайр, нууцхан ханилсан хайрын гансрал, нөхрөө хүлээсэн бүсгүйн үнэнч сэтгэл гээд тоочоод байвал барахааргүй олон агуулгыг ардын дуунаас олж сонсож болно. Ер нь монголын үндэстэн ястнуудын ардын дуу, язгуур урлаг дэлхийд ховорхон биз ээ. 

Намагтай болдогтой харгыдаа

Навтархан борыёо гамнаарай

Намхандаа зориулхан дураяа

Наамай гансаам гамнаарай

Жаргалаа шиим аршлаарай

Дураяа ши гамнаарай гэж ирээд л буриад зон дуулах нь сэтгэл хөдөлж, зүрх хөөрөхгүй байхын аргагүй. Хайр сэтгэлийн ариун сайхныг ямар уран тунгалаг илэрхийлэн гаргаа вэ. Казах ардын дууны аялгуу нь дутахгүй сайхан. Хэдийгээр үгийг нь сайн мэдэхгүй ч гэлээ аялгуунаас нь утгыг шууд ойлгохоор.

Сенин сулу Актама

Жак атбейди ай

Ахалин асхан дорие

Каз жетбейди Актама

Айдан колдин еркеси

Еркан өксен ей Актама гэж сайхан дуу бий. Монголчуудаас сонсоогүй хүн ховор байх.

Мөнгөн утас шиг уяхан биендээ

Мөнхийн ерөөлт өдрөө олж төрсөн Актама гэсэн утгатай. Утга санаа нь нэгэн сайхан бүсгүйгээ магтан дуулсан дуу. Дархадуудын дуулдаг бас нэг сайхан дуу бий.

Дархадын цэнхэр хотгор нь

Далай шиг болоод уужимхан

Торомгор дархад бүсгүй нь хое

Үлгэрийнх шиг болоод даруухан гэж дуулдаг. Хөвсгөлчүүд төдийгүй газар сайгүй л дуулагддаг гайхамшигтай дуу. Би энэ дуунд яагаад ч юм их дуртай. Дархад бүсгүй үнэхээр торомгор хөөрхөн байдгийг нь сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ дархад бүсгүй энэ дуугаар л төсөөлөгддөг. За баахан ардын дуу болчихлоо. Одоо жаахан эстрад дуу руу ормоор санагдлаа. 60, 70-аад онд эстрад дуу хүчээ авч, тэр үед жинхэнэ бүтээлүүд төрж байсан санагддаг. Дуучид нь ч мундаг сайн. Харин зарим дуунууд арай л дэндүү үзэл сурталжсан байсан. 80-аад онд гарсан дуунуудыг одоогийн поп дуучид ерөнхийдөө дахин сэргээж дуулсан л даа. Зөвхөн 80-аад он гэлтгүй дээ. 60, 70-аад оны дууг ч гэсэн дээ. "Сэтгэлийн жигүүр", "Аяны шувуу" зэрэг сайхан дуунуудыг одоо ч гэсэн хүн бүр дуулах дуртай байдаг. Энд тэндхийн кара-оке, ФМ станцуудын дууны захиалгад эдгээр дуунууд байнга л явж байдаг. Одоогийн зарим хамтлаг дуучдын дуу хэсэгхэн хугацаанд хит болчихоод удалгүй замхараад алга болдог. Харин хуучны дуунууд мөнхийн хит хэвээрээ л байгаа. "Соёл эрдэнэ" хамтлаг, "Баянмонгол" чуулга бол яалт ч байхгүй тодоос тод үсгээр бичигдэнэ.

Навчин дээрх шүүдэр гэмээр

Нинжин сэтгэлт миний хонгор

Нарны шижир туяа гэмээр

Намайгаа үргэлж ээгээд байна гэж дуулахад үнэхээр л наран ээж байгаа мэт сэтгэгдэл төрдөг. 90-ээд оны эхэн үе хавьцаа юм уу даа. Тэлмэн гэж давгүй дуулчихдаг залуу нэг хэсэгтээ л хит болсон. Тухайн үедээ өөрийнхөө дуунуудад клип хийлгээд Монгол телевизээр тэр нь цацагдаж байсан санагдана.

Салаа замаар салан одсон

Сайхан чамайг дурсаж явна би

Нандин хүслээ надад өгсөн

Сайхан чамайг дурсаж явна аа би гэж дуунд нь гардаг юм. 90-ээд оны сүүлчээр "Сатана" гэж их хөөрхөн хамтлагийн дуу нэг хэсэгтээ ФМ радионуудаас салаагүй. "Азгүй дурлал" нэртэй дуу л даа. Лав л миний мэдэхийн Монголын радиогийн хоёрдугаар суваг "Хөх тэнгэр" радио станцын хит парадын жагсаалтыг хамгийн удаан тэргүүлж байсан юмдаг. Одоо харин тэр дууг олох гээд олдохгүй байгаа нь тиймхэн.

Гэрийн чинь дэргэдүүр өнгөрөх болгондоо

Цонх руу чинь би хардаг гэсэн үгтэй. Аялгуу сайтай дуу. Одоо энэ дууг бараг мартчихаж ээ. Тухайн үед хит болж байсан олон олон дуу бий. Тэр бүрийг бичнэ гэвэл барагдахгүй их юм болох байх. Ер нь дуу хөгжим хүний сэтгэлийн баясган, уй гунигийг сарниулан мартуулдаг ид шидтэн юм. Сайхан аялгуу сайхан сэтгэл ижилхэн гэж бодогддог. Сэтгэлд хоногшин үлдсэн дуунууд л жинхэнэ урлагийн бүтээл билээ.   

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
~Сэртэнч~ (зочин)

даригангийн жаахан шарга гайхалтай гайхалтай ядахдаа Лхамжав гавъят тунартал авсан бдиймаа, Сэтгэлд хоногшин үлдсэн дуунууд л жинхэнэ урлагийн бүтээл билээ, билээ, билээ

Хэрлэн (зочин)

тэр ч тийм шүү...

Зочин (зочин)

Хааяа ардын сайхан дуунуудаа сонсож суухад үүлэн дээгүүр хөвж, усан дээгүүр алхаж байгаа адил болдог genee Uulen deer huvj usand deeguur alhaj uzsen yum bh daa Neeh goy bichih gej yadah yumaa

yagtiimee (зочин)

Наад дуунуудаа блог дээрээ сонсож болох байдлаар оруулчихвал ч ...

навч (зочин)

ардын дуунд дуртай... үүлэн дээгүүр хөвж, усан дээгүүр алхахад яг л ийм байдаг болуу гэмээр торгон мэдрэмж сэтгэл гижигддэг юм...

3apaa (зочин)

Ай даа... Сайхан караокедхийнсан...

LoveLove (зочин)

Дээр үеийн дуунууд ч гоё шүү. Би ч Чандмань эрдэнэ гэдэг дуунд аймар дуртай Харах нүдэнд гийсэн саран чи минь Халигах зүрхэнд шингээсэн гэгээтэй Халуун голыг булигуулсан гоо чинь хө Хасын туяаг ч булаасан одтой Хангай говийг уяраасан ааш чинь хө Хадыг ч хайлуулах идтэйеэ Зараа ч аймар гоё дуулдын байлээ шүү

Аяко (зочин)

10-р ангиа төгсдөг жилээ манай ангийнхан ярилцаж байгаад ...Салаа хархан гэзгэн дээр чинь туузан цэцэг ахин ургахгүй... ...Савхан хилэн хүрмэн дээр чинь сурагчийн бэх дахин дусахгүй ээ... гэсэн дуу бэлдчээл хүмүүс бараг мэдэхгүй байх даа гэж бодож байтал хүүхдүүд бараг л бүгд дагаад дуулж байсын. Яагаад ч юм энэ дурсамж санаанд орчихлоо

tsednee (зочин)

juurai gelden, eohor gedg 2 duu heregtei bn

LoveLove (зочин)

Атан тэмээний Алхааг тааруулан Аялгуут дуундаа Биелгээ биелий Жуурай гэлдэн Жуурай гэлдэн Ингэн тэмээний Алхааг тааруулан Эгшиг дуундаа Биелгээ биелий Жуурай гэлдэн Жуурай гэлдэн гэдэг билүү

mart (зочин)

Еркан өксен ей Актама ene duug haanaas tatah uu helj ugj tuslaach.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)