МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Идэр үеийн дурсамж буюу ардчиллыг амссан нэгэн түүх

Юу юугүй цагаан морин жил гарч ардчилал гээч юмтай нүүр туллаа. БНМАУ-ын Сайд нарын зөвлөл ухаалаг шийдвэр гарган ямар нэгэн асуудалгүйгээр бүрэн бүрэлдэхүүнээр огцорч ардчилалын залуус нэгэн шинэ шинэ хувьсгалыг эхэлсэн үе л дээ. 20-р тогтоол гэгч гарч бүх юмны үнэ хоёр дахин нэмэгдээд, мөнгөний ханш унаад байдал ер нь бүрхэг тал руугаа хазайх шиг болсонсон. Хүн бүхэн бухимдаад л... Аргагүй л дээ. 1 төгрөг 20 мөнгө байсан талх 2 төгрөг 40 мөнгө болчихож байгаа юм чинь. Өргөн хэрэглээний хүнсний бараа картын системд шилжиж, мах архиа картаар аваад эхлэхээр ер нь юу юугүй цэлмэг тэнгэрээс аянга ниргэх дайны юм болно л доо. Сүхбаатарын талбай дээр байн байн жагсаал цуглаан болно. Тэрэнд нь ахлах ангийн хүүхдүүдийг явуулахгүй сургууль дээр нь хорих гэж багш нарын хувьд бөөн ажил болж байлаа. Гэхдээ л тэд очдогоороо очиж жагсаал цуглаанд нэмэртэй. 

За үндсэн сэдвээсээ баахан хазайгаад явчихлаа. Гудамжаар дүүрэн байсан лоозонгууд алга болж, Сталин ахын хөшөөг буулгаад хаячихлаа. Үгүй тэр хөшөөг буулгахад гарууд очоод толгой руу өшиглөж байгааг нь ээ. Бас л мөн их дөвчигнөл шүү. "Орон бүхний пролетар нар нэгдэгтүн!", "Зөвлөлт Монголын ах дүүгийн ган бат найрамдал үүрд" гэх мэтийн бичлэгтэй лоозонгууд гэнэт шахуу алга болох ч нэг бодлын гоё боловч нөгөө бодлын гудамжууд хоосорчихсон ч юм шиг эвгүй. Гэхдээ ер нь л баяртай үйл явдал даа. Маршал Х.Чойбалсангийн хөшөө рүү будаг цацаад л... Монголчууд ер нь л нэг туйлширхаараа айхтар улсууд л даа.

Ардчилал маань гараад бүх зүйлс сайхан болж эхлэхэд Тохирцооны үнийн дэлгүүр гэж буянтай юм би болвоо. Даан ч нэг зарахгүй юм гэж байхгүй. Зайлуул, хэдэн муу нэртэй ганзагачдын буян шүү дээ. Тэд "Өвгөнт" нэртэй хужаа архи зарна. Нөгөөхийг нь хөгшчүүл ч гэлтгүй насанд хүрээд архи уудаг болсон л бол бүгд л уудаг байсан байх. Намайг өсгөж өндийлгөсөн миний муу эмээ л лав бурханыхаа хажууд тавиад их л хүндэтгэж уудаг байж билээ. "Талын хар", "Аргот" гээд хятад архи монголд мөн ч их цутгасан даа. Бас "пийжүү" гээд пиво их зарагддана аа. "Магна", "Монте Карло", "ЛМ", "Море", "Файна 120", "Шинбао", "Гаоле" мэтийн тамхинууд бидний уушгийг хордуулахаар ар араасаа цувран ирлээ. Хуучин цагийн дүнс ч юм уу, "БТ" зэргийг орлож эхэлсэн гэх үү дээ. Тамхи татдаг хүн бүр шар сүүлт зууцгааж, их чамирхадаг боллоо. Тамхи ширхэгээр зардаг болж, би ч гэсэн дэлгүүрийн үүдэнд тамхи бишгүй л ширхэглэж зарсан даа. Нөгөө айхтар моодонд ордог байсан чанамал жинс, хятад шаахай үндсэндээ халагдаж араб алчуур, "Пирамид" гэдэг жинс хүч түрвээ. 

Нэг хэсэг хугацаанд иргэдийн ахуй амьдрал нэн хэцүү болж, хүүхдүүд бид ч тэр давалгаанд нь яалт ч үгүй өртсөн. Би л лав ундаа зардаг байж. 50 төгрөгөөр ундаа аваад 100 төгрөгөөр зарна. нэг нугалдаг мундаг том "бизнес" шүү. Жижиг шилтэй ундааг 40 төгрөгөөр аваад 80 төгрөгөөр зарна. Хүмүүс ч их авч уудаг байж. Хуучин захын зам тосоод ундаагаа бариад зогсчихно. Хааяа "Нарны титэм" хавиар очно. Харин цагдаа нар заруулахгүй хөөж туугаад дарамттай. Миний авдар шахуу ундааг хагалж би гэдэг амьтан өдрийн хагас уйлж билээ. Очиж очиж хүүхдийг тэгж дээрэлхээд байхдаа яахав гэж одоо болтол бодогддог шүү. "Дональд" нэртэй үнэн саак үлээдэг бохь урдаас ирдэг байж. Дотроо наадаг зурагтай. Одоо ч гэсэн зарим нэг айлын хөргөгчин дээр зураг нь байгаа харагддаг л юм. Картын бараанд дагаж ирдэг байсан хар өнгөтэй нэг тийм сонин бохьны залгамж халаа. "Yili" гээд бас нэг шоколад их байж. Тухайн үедээ л гоё амттай, хүүхдүүд их иддэг байсансан. Ерөнхийдөө л хилийн дээс алхах нь хэвийн үзэгдэл болсон болохоор урдаас л ихэнх бараа таваар орж ирнэ. Үнэндээ зах зээлийн хэсэг хугацааны хүнд үеийг хятад барааны буянаар л давсан гэж боддог.

Энэхтхэг кино моодонд орж, Брюс Ли, Жаки Чан түр зуур хоцрогдвоо хөөрхий. Энэтхэгийн "Танцорь диско" гээд нэг замарсан олон дуу дуулдаг кино охидыг мөн ч их урвуулсан даа. "Жими жими, Аажаа аажаа" гэж дуулдаг. Чухамдаа жинхэнэ дуудлага нь ямрыг бүү мэд. Элтон Жоны "Кө кө ха хадан баюү" гэж дууг хүн бүр л дуудлагаараа аялмар аядна. Бодвол их гоё утгатай дуу гэж л боддог байсан байх. "Ямаахай ямаа сооль" ч гэж дуулдаг л байсан. Уг нь бол "You my heart, you my soul" гэж дуулдаг юм билээ л дээ. Монгол залуус өөрсдөө хамтлаг ихээр байгуулж эхлэв ээ. Олон сайхан дуу төрсөөн. Хүмүүс ч мэдэж байгаа биз. "Агшин-1, 2", "Өдрийн оддын зүгт", "Эргүүлэг", "Хүн алж тоглосон залуус" зэрэг сайн сайн кинонууд гарч эхэлсэн. Дуунууд нь ч хит болж байж. Ингээд л юу юугүй 90-ээд оны дунд үе эхэлсэн дээ.

Бага зэргийн үргэлжлэл бий.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
1-дүгээрт D!Zign (зочин)

ямар ч сайн санадийн наад үе чинь харин ёстой бага насны дурсамж байна бүүр яг шүү Молоко 2 төг байсанаа 10 төг болоод ээж бид 2 оочирлож байснаа их тод санадийн бараг л бүх хүн дэлгүүрт цугласан байх тэр үед

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)