МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Мөлжүүлэгч анги-Ажил олгогч

Мөлжүүлэгч анги-Ажил олгогч

Энэ асуултад та ямар нэгэн хариулт өгөх нь тодорхой. Харин яг юу гэсэн хариулт өгөх нь л сонирхолтой. Мэдээж ихэнх нь ажил олгогчид бол мөнгө сайн хийдэг, мундаг баян амьтад гэж хариулах байх. Нэг үгээр тэд бол бусдын хөдөлмөрийг мөлжигчид гэж хэлнэ л дээ. 

Харин бодит байдал дээр ямар байдаг бол... Өнөөдөр Монголын нийгэмд бодитойгоор, аюултайгаар оршин байгаа нэгэн үзэгдэл бол татварын гаж тогтолцоо. Жижиг дунд үйлдвэрлэгчдийн хувьд томоохон дарамт болдог зүйл нь олон янзын татвар, энд тэндхийн хяналт шалгалт нэртэй мөнгөний татаасууд. Сонгодог утгаараа ажил олгогчид нийгмийн тодорхой хүрээнд баялагийг бүтээдэг нь аргагүй үнэн. Энэ бүтээж байгаа баялаг нь үндсэндээ дарга даамлууд болон нөгөөх алдартай "байцаагч" нарын халаасанд ордог нь нэгэнтээ нууц байхаа больсон. Өнөөгийн эмх замбараагүй үнийн өсөлт ажил олгогчдын эрхэлж байгаа бизнесийн шууд мөнгөн орлогоос давж халиад байна. Олж байгаа багахан ашгийнхаа талыг нь татварт, нэг хэсгийг нь цалин хөлс, үлдэж байгаа цөөн хэдийг нь түүхий эд авахад зарцуулаад гүйцээ.

Ашиггүй бизнес, ашиггүй үйлдвэрлэл. Ямар нэгэн байдлаар мөнгөн хуримтлал үүсэхгүй байна аа гэдэг эргээд манайх шиг туйлын эмзэг эдийн засагтай оронд багахан ганхалтын даахааргүй хүндээр тусах нь ойлгомжтой. Банкнаас авсан зээлийн хүү өндөр. Буурч байгаа нэртэй боловч нөгөө л бахь байдгаараа байдаг нь ажил олгогч эздэд давхар нэрмээс болж байна. Нэгэнтээ авсан зээлээ эргүүлж төлөхгүй бол "аавынд" залрах нь даанч тодорхой. Тэгэхээр ажил олгогчид маань дахиад нэг дарамт нэмэгдлээ. Олон олон бага дунд бизнес эрхлэгчид, ажил олгогчдын буянаар, гадаадад гарч шар махтайгаа хатаж байгаа үй олон залуусын мөнгөөр манай эдийн засаг оршин байгаа гэдгээ төрийн дээдсүүд мэдэрдэггүй нь харамсалтай. Ажил олгогчид эгээтэй л хуучны дарлагч анги гэдэг шиг нэр хоч зүүдэг нь хамгийн харамсмаар. Хэн нэг нь машинтай болоход бусад нь энэ авилгач, энэ нударган гэж чичлэх нь бас нэг гутамшиг. Монголд ардчилал хөгжөөд 17 жил болоход хуучны дамын наймаачин гэдэгтэй адил ухагдахуун амь бөхтэй оршсоор. Харин нэрлэдэг нэршил нь л бага зэрэг өөр болсон бололтой. Өөрийн цэвэр хөдөлмөрөөр олсон баялаг хэн нэгнээс хахуульд авсан мөнгөн аяга, алтан бүс биш билээ.

Ажил олгогч, жижиг дунд бизнес эрхлэгчид ээ. Та бүхэн яг одоо жинхэнэ утгаар хамаг л хүч хөдөлмөр, оюун ухаанаа хэн нэгэнд соруулж байгаа мөлжигдөгч анги болон хувираад байна. Татварын түмэн дарамт, мянган төрлийн шалгалт таны хөдөлмөрийг өдөр өдрөөр шимэн сорж байна...

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)