МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Багын дурсамж буюу хорвоотой танилцсан жаахан түүх

Хүүхэд ахуй цаг минь Дэнжийн-1000 гэх гэр хорооллын шороон дунд өнгөрсөнсөн. Гэхдээ шороонд булуулж, ногоон нуурын мөсөн дээр тоглож өссөн нас минь хамгийн жаргалтай, хөгжилтэй үе минь байсаан. Тэр үед өвөлдөө цагаан бороо их ордог байж билээ. Цагаан бороо нь ч их гоё. Цасан хүн хийж, хоорондоо цагаан бороогоор байлдаж тоглоно. Худгаас ус авч, гудамжны уруу газар асгаж мөс тогтоогоод модоор холбосон канькигаар гулгана. Зарим нь есөн давхар сууцны шатны бариулаар хийсэн чаргаар гулгадаг. Тийм хийцтэй чарга залж болохгүй амархан уначих гээд байдаг байсан. Гэхдээ гайгүй л дээ. Тэрэндээ ямар их хөөрч баясдаг байв аа. Арга ч үгүй дээ. Балчир жаахан хүүхдүүд шүү дээ. Харин хавартаа хөл бөмбөг тоглож өнгөрөөдөг байлаа. Гудамжинд байдаг цахилгааны шонгоор хаалга хийгээд бөмбөгөө хөөгөөд л байна даа. Зундаа бөглөө тоглоно, мөнгө цохино. Мөнгөдөх ч зугаатай шүү. Харин мөнгөө "хомбуулчихвал" үнэхээр "миа". Мөнгө цохидог "моогуур, доогуур" нэртэй төрөл бүрийн материалтай. Энд чулуу, төмөр, айлын нойлын өрөөнөөс хуссан бөөрөнхий хар бариул гэх мэт орно. За тэгээд мөнгө их хомбосон үедээ 60 мөнгөний печень, шагшуур авч иднэ. Тэрийгээ даруулах улаан усаа мартахгүй заавал авна. Нээрээ тэр үед орон сууцны айлуудын нойлын өрөөний суултуурын ус татдаг хар бариул тэсдэггүй байсан байх аа. Охид болохоор чирта их тоглодог байж. Гутлын тосны төмөр хайрцаганд шороо хийж хүндрүүлээд л тоглож эхлэнэ. Тэр гутлын тосыг Люкс гэдэг байлаа. Харин шүдний оог Мэри гэнэ. Тухайн үедээ байсан бараг цорын ганц сонголт л доо. Хөнгөн цагаанаар буу хийж их тоглодогсон. Хааяа аавыгаа найрч байж банзаар тавагтай автомат хийлгэнэ. Тийм буутай байхад ялагдахгүй шүү. 

Зуны бороо их сайхан ордог байсан санагддаг. Нартай, тэгээд солонго татаад л. Гудамжны хэдэн жаалууд "Бороо бороо ороорой, Оросын маамуу ирээрэй" гэж ирээд л шаагилдацгаана. Олон хоногоор зүсрэх бороо ч үгээр хэлэхийн аргагүй шүү. Нэг тиймхэн юм нь гэрт шалбааг чирнэ. Дараа нь шалаа өөрөө угаана. Энэ ч яахав дээ. Асуудал биш. Бөмбөг хөөж, шалбааг туучихаар гутал тэсэхгүй ээ. Орос бахиал л чирнэ. Урагдаж өгөхгүй их зовоодогсон. Харин өсгий нь элэгдээд цаанаас нь дөхвөлжин нүх гараад ирнэ. Тэрэнд нь чулуу шаачихвал тахтай бахиал өмссөн догь залуу болно оо гэсэн үг. Чулуу засмал зам дээр хавираад таг таг гээд алхахад урамтай. Тэр үед тах ховор байсан санагддаг. Ах нарыг дуурайж нөгөө муу бахиалаа дэглэмэр аядана гэж байгаа. Ах нарын дэглэсэн гутлыг яаж гүйцэхэв. Гэхдээ бид хэддээ л данга. Өдөр хоног иймэрхүү явж байтал гэнэт л Тасганы овоон дээр чулуун байлдаан гэсэн яриа ам дамжина даа. Энэ нь нэг ёсондоо цэргийн зарлан дуудахтай адил. хэдэн гудамжаараа нийлж аваад л "эх орныхоо төлөө" чулуун байлдаанд "татагдана". Хэн хол шидэж байна тэр хүүхэд дайны баатар. Харин тархиндаа оногдвол хэцүү. Заримдаа сэргийлэх хүртэл ирж чулуун байлдааныг зогсоож байсан байх шүү. Зуны цаг нэг иймэрхүү л өнгөрдөг байлаа. Гэхдээ энэ их товчхон нь шүү. Дараа дэлгэрэнгүй бичнэ ээ.

Ингэсгээд байж байтал намрын урт шар өдрүүд юү юүгүй дэргэд ирсэн байна даа. Удахгүй хичээл эхэлнэ ээ. Нэг бодлын гоё, нөгөө бодлын муухай. Залхуутай гэхүү дээ. Гэрийн даалгавар энэ тэр гээд л бөөн асуудал. Хичээлээ тараад автобусаар харин ч нэг тэнэж өгдөг байж билээ. Нэг эцсээс нөгөө эцэс хүртэл. Тэгэхэд Оросын "Лиаз" гэдэг дуу ихтэй унаа нийтэд үйлчилдэг байсан даа. Бас Чехсловакийн "Карасо" гэдэг гоё улаан автобус. Тэр нь явдал зөөлөнтэй. Жолоочийн хажууд зогсоод явах нь ёстой жаргал. Хааяа жолоочийг нь гуйгаад буудлыг нь зарлаж өгнө. Ер нь ингэж явах ёстой гоё. Миний яриа заалаар нэг сонсогдоод л... Би гэдэг хүн хөөрөөд л... Гудамжаар унасан навч хийсээд, тэрийг нь хааяа шатааж сахилгагүйтнэ. Том хүнд баригдвал будаа болно. Чихнээсээ мушгиулаад, өвдсөндөө уйлна. Сайхан үе шүү.

Ингэж байтал цагаан бороо ганц нэгээр хаяж нэг л өглөө өвөл боллоо. Парк хаачихсан болохоор хашааг нь давж орно. Буга харах гэж тэр шүү дээ. Тэр үед паркийн хашаанд буга байдаг байж. Согоо ч байсан. Паркад ганц ажилладаг тоглоом нь тэр үеийн оросын автомат тоглоом. 50-тын зоос хийдэг байлуу даа. Эсвэл 20-тынх билүү. Тэр ч сонирхолтой тоглоом шүү. Цасаар байлдана аа. Ангийн хвгүүд нийлээд хэдэн муу охиныхоо нүүрийг угааж "үйлчилнэ". Шуурхай найдвартай сайн "үйлчилгээ". Нэг муу тал нь охидын маань нүүр жаахан даарч, угаагч бидний гар мөс шиг л болдог байсан. Өөр өөлөх юм байхгүй ээ. Паркын хашаанд "бариа" гэж аймаар мангаа байх. Хулигаан хүүхдүүд биднийг дээрэмдэнэ. Бид ч тэднийг хараад ихэнхдээ сүүлээ хавчаад зугатаана. Тэгэхгүй л бол хамар өнгөтэй юмаа бариулчих юм чинь. Дараа нь тэр зугатааснаа өөдөөс нь үзсэн мэтээр давсалж ярина. Энэ харин бүх хөвгүүдэд байдаг зан шүү дээ.

Үргэлжлэл байгаа шүү....              

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
itsme (зочин)

хэхэ. инээдтэйн. чи яаж бүх нэр усыг нь санаж байнаа. би бол санадаггүйшд. өглөө сэрээд дэрээ сөхөж үзнэ. дэрэн доор чихэр ч юм уу нэг тийм амттан бас нэгээс хоёр төгрөг хийсэн байх ёстой. дүүгийн дэрэн доор бас адилхан. тэрүүгээр нь хоёулаа дэлгүүрээс шилтэй тараг авч уух ёстой. өдрийн норм юм уу даа. тэгээд өдрийн хоолыг эмээ хийж өгнө. гэээд л хүүхэд насны амьдрал өрнөдөг байлаа даа гэж

stormy (зочин)

Дараа илүү гоё юм бичнэ ээ. Мартагдагсан хэллэг, хүүхэд бүрийн туулдаг байсан заналуудын тухай.

Dalai (зочин)

HUUE YOSTOI SAIHAN BICHSEN BNA Daraa goy ym bicheerei

Зочин (зочин)

urgeljluuleerei. saikhan baina.

sun_shine (зочин)

nudend haragdtal bichjiishd. Neeree huuhed nas ch goe shuu, bodoj sanah yumgui, ter ued tsag ue ch saihan bj dee.Yu l bna huuhdiin park ene ter bdag blaa shd. Odoo bol huuhduudee gadaa hamaagui gargah ch hetsuu tsag bolj dee. Ter ueiin denjiin 1000 chin odoogiihtoi ch haritsuulah yum bish tee? ter ued chin denjiin 1000 d narantuul shig zah bdag bsan bz de tee?

ulemj (зочин)

Goyo bichjee. itsme yamar tansag gereesee gardag bsiim be. Nadad bol 1 tugrug l ugdug bsan sh d :( hehe

Togoldor (зочин)

Sain uu bi blog uusgeh gesen chinn boldoggui ee "Ta blogiin neriig zov oruulaagui bna" geed baih uom. yaaj zov oruuldag uom be nadad zaaj ogooch. zugeer l text bichiheer dandaa ingeed baih uom. Esvel urd nn temdeg tavidag uom uu? bas URL hayag gej uo heleed baigaa uom be terniig yaaj oruulval zugeer ve chi nadad ulger zagvar zaaj ogooch bi duuraigaad jaahan oorchlood uusgeh gesen uom nadad tuslaarai Please

asura (зочин)

Нээрээ гоё байсан шүү. Бороо нь хүртэл хамаагүй гоё ордог байсан шиг санагддаг юм.Гоё амттан гэхээр 70 мөнгөний хурдны машины зурагтай шоколад л хамгийн түрүүнд санаанд буугаад байдгийн. Тэгээд мөнгөө ахиухан цуглуулбал 3 төгрөгний шоколад авч болно.идээд дуусчихсан мөртлөө тагнайд амтагдаад гоё шүү.Бас элсэн чихэр хайлуулж хамаг л сав суулгаа түлнэ.

maral (зочин)

nudend haragdtal bichsen bshd, goy bjee

Зочин

Dyrcamjaa gej YHenheer saihan shuu chinii blog sonirholtoi blaa

Уншигч (зочин)

Блог хэсч яваад дурсамжуудыг чинь уншлаа.гоё бичэжээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)