МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Гутамшиг, хөдөлмөр, хөгжил...

Гутамшиг, хөдөлмөр, хөгжил...

Газар нутгийн хувьд Баянхонгор аймгийн дайны гэгдэх Солонгос орноор хэд хоног аяллаа. Адилхан хүн л юм болохоор ядуу зүдүү, тансаг баян, дундаж гээд байдаг бүх л ертөнц тэнд цогцлоостой. Миний хувьд амьдралдаа анх удаагаа Солонгос газрыг зорьсон нь энэ юм. Уг нь ч энэ нь тийм гайхуулаад ч юм уу, гайхаад байхаар аялал биш л дээ. Гэхдээ л бичмээр санагдлаа. Монголчуудыг Солонгосын гаалиар нэвтрүүлэх гэж ёстой л “наян юм” болдог гэдгийг биеэрээ амсав. Шууд хэлбэл тэндхийн шалганынхан манайханыг үнэхээр дураараа доромжлох аж. Хөөрхий монголчуудын нүд нь бүлтэгнээд яг л эхээсээ төөрсөн хүүхэд шиг. Үнэхээр гутамшиг санагдсан даа. Дээр нь хэл мэдэхгүй байх ямар аймшигтай гутамшиг, бас ямар муухай доромжлол болдогийн түүхийг бас л биеэрээ амслаа. Гашуун байсан даа. Үнэхээр гашуун. Хэрвээ монгол залуус гадаадад гарч нүд тайлж, хөгжил дэвшилтэй бага ч болов танилцахыг хүсч байгаа бол юуны түрүүнд англи хэлийг хэлийг эх хэл шигээ эзэмших хэрэгтэйг ч ухаарлаа. Үнэндээ би тархи руугаа шаасан л даа. Бид чинь монголын хилийг алхаад цаана нь гишгээ л бол хэн ч биш болон хувирдагийн сонгодог жишээ нь монголчууд бид өөрсдөө болж байна. Харин цаашаа нэвтэрч чадвал манайхны заримд нь тэнгэрийн умдаг атгасны дайтай хувь тохиол байдаг бололтой. Харин миний хувьд Солонгос мөрөөдлийн орон биш гэдгийг дөнгөж хил нэвтрээд л шууд мэдэрсэн. Хэдийгээр хүмүүс нь найрсаг, бөхөлзөж тонголзсон улс байдаг ч цаанаа л нэг жавартай шүү. Тэндхийн амьжиргааны өртөг өндөр. Тэр хэрээрээ цалин хөлс нь дээгүүр. Тэнд ажиллаж л байвал хангалуун амьдрах боломжтой. Хэн хөдөлмөрлөнө тэр хүн жаргана гэсэн хууль үйлчилнэ. Зарим хүн “Солонгос бол хамгийн гайхамшигтай сайхан орон. Жинхэнэ жаргалын газар” гэхийг олонтаа сонссон. Надад даанч тэгж бодогдсонгүй. Яахав тэнд удаан байсан, тэр газарт дассан хүмүүст тэгж санагддаг байж болох л доо. Эх орны газар шороо, ус агаар шиг сайхан байх нь юу л бол. Гэхдээ өндөр хөгжилтэй азийн бар оронд бүх зүйл нь бэлэн байх нь таатай. Халуун ус, гэрэл цахилгаан нь байнга тасарч иргэдээ бухимдуулахгүй. Зам харилцаа, дэд бүтэц нь дээд зэргээр хөгжсөн гээд олон зүйл байгаа. Муухай зэвүүн нь монголчуудыг боол мэт адилтган үзэж, яг л цус сорогч адил хүч хөдөлмөрийг нь сорно. Капиталист нийгэм болохоор арга ч үгүй биз дээ. Бид дэлхийд үгүй гэхэд азидаа гайгүйхэн шиг улс болохын тулд их л хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг мэдэрсэн. Солонгосчууд уулаа хиймлээр босгож, хад хясаа болсон жинхэнэ уулаа бутлаад, зарим нэгийг нь хиймлээр хөрсжүүлж байгаа нь гайхалтай гэхэд ч багадхаар. Ингэж хөдөлмөрлөж байж амжилтанд хүрдэг юм шүү гэдгийн тод жишээ. Ер нь бид тэднээс юугаараа дутуу гэж. Залуусаа хөдөлмөрлөж баялагийг бүтээхгүй бол оройтох тал руугаа орсон бололтой. Байгалын баялаг хэзээ нэгэн цагт дуусна. Харин толгойдоо хийсэн баялаг улам л арвижих ёстой. Нэн тэргүүнд ядаж англи хэлийг дээд зэргээр эзэмшицгээе. Эх орондоо “БИ МОНГОЛ ХҮН” гэсэн үнэлэмжийг бий болгохыг төлөө явцгаая. Болохгүй зүл үгүй билээ.
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
maral (зочин)

ter unen shuu, englishee saijruulnaa

үхэр монгол (зочин)

Төр засаг авха бодно,төрсөн бие үрээ бодно

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)